Tuesday, February 3, 2009

Баабар Шашныг өмөөрхүй


Яагаад бид шашин шүтдэг вэ?
“Шашин гэж юу вэ?” гэхээр бүхнээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн тодорхойлолт үгүй юм билээ. Олон хүний хувьд шашин нь итгэл үнэмшлийн зохион байгуулалттай систем, зан үйл. Өөр олон хүний хувьд шашин бол бурханлаг дээд ойлголт. Гэтэл зарим нь шашин гэдэгт тодорхой бурхан тодорхой үнэмшлийг оруулж тооцдоггүй. Цаанаасаа зохион байгуулагдсан системийг биш, зөвхөн өөрийнхөө хувийн итгэл үнэмшил, амьдрах арга, ертөнцийг үзэх үзлээ шашин гэж ч олон хүн ойлгодог. Гэхдээ нэг нийтлэг юм байна: Шашинд итгэж байгаа бараг бүх хүн үүнийгээ өөрт нь нөлөөлдөг ямар нэг хүч цаана нь байна гэж үздэг.


Үндэсний болон гэр бүлийн уламжлал, соёл, ёс заншил гэсэн энгийн утгаар олон хүн шашин шүтдэг. Далдын дээд хүчин өөрийг нь харж байдаг учраас амар амгаланг олох гэж шүтэгсэд их бий. Ийм төрлийнхөн дээд хүчнээс аврал эрэх нь их. Аврал өгнө, аз жаргал авчирна, үхлийн дараах амьдрал бэлэглэнэ гэсэн амлалтанд автаж шашин шүтэгсэд ч олон бий. Маш олон хүн хувийн тайвшрал, амьдралд хандах хандлагаа тодорхойлоход шашин туслана гэж шүтнэ. Тэд “Амьдрал гэж юув?”, “Хүний хувь зохиолын төгсгөл юув?”, “Нүгэл буяны ялгаа юув?” гэсэн асуултад хариу олно. Эцэст нь маш олон хүн сэтгэлийн зовлон, түүнээс ангижрах аргыг шашнаас хайж шүтдэг.

Ангилж үзэх юм бол хүний түүхэнд мянгаар тоологдох янзын шашин оршсоор иржээ. Антропологичид болон шашны түүх судлаачдын тогтоосноор 60 мянган жилийн өмнөөс анхны шашны хэлбэр үүссэн бололтой. Төсөөлөн бодох чадваргүй хомо эротикус (уг нь анх гал олсон), хомо нэндэрталь (уг нь анх хувцаслаж эхэлсэн) зэрэг орчин үеийн хүний өвөгт шашны тухай ойлголт байсангүй. Хомо сапенс гэгдэх орчин үеийн хүн төсөөлөх чадвараараа тэднийг давсан. Ингэхээр шашин бол хүний төсөөлөх чадвараас үүсэлтэй ажгуу.

Өнөөгийн шашнууд
Орчин үеийн ертөнцөд найман гол шашин оршиж байгаа нь: Буддизм, Христос (Загалмайн), Лал, Күнз, Хинду, Иудай, Шинто, Дао буюу монголоор Бумба. Эндээс Бумба, Шинто, Хиндуизм гурав нь үргэлжлэн хөгжсөөр сургаалаа буй болгосон бол бусад тав нь нэр бүхий үүсгэгчтэй, түүнийхээ сургаалд тулгуурладаг: Буддизм нь Шагжиймунын Будда, Христос нь аврагч Есүс, Лал нь зөнч Мохамэд, Күнз нь Күнз багш, Иудай нь Мойсэс.

Дээд хүчний талаар философийн гурван гол үзэл бий. Дээд хүч гэж огтоос байхгүй гэж үздэгийг атейзм, байгаа гэж үздэгийг нь тейзм, байгаа байхгүйг нь тодорхойлох аргагүй гэж үздэгийг нь агностик гэнэ. Ихэнх шашин дээд хүчинд итгэдэг, гэхдээ жишээ нь Күнзийн сургаал үүнийг үгүйсгэдэг учир атейст шашин болж таарч байна. Олон шинжээрээ шашны агуулгатай болсон ортодокс марксизм ч гэсэн атейст шашин гэж нэрлэгдэж болмоор.

Ихэнх шашин сургаалаа даган өөрийн иргэншил үүсгэсэн. Өрнийн иргэншлийн суурь нь загалмайн шашин бол Энэтхэгийн иргэшлийнх хинду, Лалын иргэншлийх лалын шашин, Хятадын иргэншлийнх Күнз, Лаоцы нарын сургаал. Зарим шашин зөвхөн тухайн үндэстэнд зориулагдсан. Жишээ нь хинду нь энэтхэг хүмүүст, иудай нь зөвхөн жүүд үндэстэнд хамаатай. Шинто ч ердөө л япончуудынх. Харин лал, христос зэрэг нь нийт хүн төрлөхтөнд хамаатай гэж сургадаг. Гагцхүү буддизм бол соёл болохоос иргэншил биш гэж судлаачид үздэг. Буддизм бүх соёл болон иргэншилд нэвтрэн нөлөөлж холилдох чадвартай ч өөрөө бие даасан иргэншил үүсгэж чадаагүй, ерөөс сургаалийнхаа мөн чанараар тусгай иргэншил болох бололцоогүй юм.

Шашнууд хоорондоо бүлэг бүлгээрээ гарал үүслийн хувьд ах дүүгийн холбоотой. Иудай, Христос, Лал гурав нь нэг эхээс үүдэлтэй, үндсэн нэг эх зарчимтай ах дүү шашин. Бүтээгч нэг л бурхан байдаг, тэр нь дэлхий рүү үе үе элчээ илгээдэг гэж тэд үздэг. Үүнийг монотейзм буюу ганц бурхант зарчим гэнэ. Нэг л Бурхан байдгийг Библид бичсэнээр эртний жүүд нар Яахва гэж нэрлэдэг байж, араб хэлэнд энэ нь Аллах гэсэн нэршилтэй. Христос шүтлэгт орнуудад үүнийг өөр өөрийн хэлээр Гот, Гад, Бог гэх мэтээр нэрлэжээ. Олон бурхад байдаг гэсэн үзлийг политейзм гэнэ. Эртний Герег, Ромд худалдаа, дайн, хайр гээд өөр өөрийн хариуцсан салбартай мэргэшсэн бурхадын тухай домог их бий. Эдний дарга нь Зевс. Энэтхэгчүүдийн итгэл үнэмшлээр Брахман даргатай бас л олон бурхан байдаг аж. Бөөгийн болон Африк, Далайн орнуудад оршсоор байгаа бөө маягийн шүтлэгүүд ч олон бурхныг хүлээн зөвшөөрдөг.
Хиндуизм, Буддизм хоёр нь мөн л ах дүү шашин. Хэрэв Христос, Лал, Иудайн сургаалаар бүтээгч Бурхан энэ хорвоог зөвхөн хүнд зориулж хийсэн гэж үздэг бол Буддын болон Хинду сургаалаар орчлонгийн бүхий л амьд юмс тэгш эрхтэй, хүнд онцгойлох давуу юм байхгүй, тэр байтугай эдгээр амьд биес үхлийн дараа нэг нэгэндээ шилжин явдаг аж. Хятадын гол хоёр сургаал нь найрлын онол юм. Күнз төрийн тухай, түүний найрал зохицлын тухай сургасан бол Бумбын шашин хувь хүн нийгэм болон ялангуяа байгальтай хэрхэн зохицож найрах тухай сургажээ. Сонирхолтой нь нэг эх сурвалжтай ах дүү шашнууд түүхийн явцад хоорондоо илүүтэй дайсагналцаж байв.

Дэндүү хатуу чанга дэглэмтэй арабын зарим орныг эс тооцвол өнөөгийн ертөнц шашин болгоныг өөртөө багтааж, шашин болгонд хүлцэлтэй ханддаг болжээ. Лондон, Улаанбаатар, Дели, Исламабад, Ерусалэм, Ром алинд нь ч лалын хиндусын, христосын, буддын, иудайн сүм хийд биендээ дайсагналцалгүй зэрэгцэн оршиж байна. Шашны үл тэвчил өөрийн түүхэн бүдүүлэг үеэ хэдийнээ өнгөрөөжээ. Чингисийн монголчууд магадгүй анхны шашны хүлцэлтэй гүрэн байсан байх. Тэнд айлчлаад ирсэн Марко Поло олонд дуулдаагүй элдэв сонин ярьсанд европчууд итгэж эхэлсэн боловч Хархоринд лалын болон христосын сүмүүд биендээ огт муу юм санахгүй зэрэгцэн оршдог тухай яриадахсан чинь “мянган худалч” хоч зүүсэн байдаг. Түүнээс өмнө Монголд ирсэн Рүбрүк буддын, лалын, христосын шашинтнууд зэрэгцэж суугаад хорвоогийн мөн чанарын тухай ном хаялцан маргаж байсан тухай бичиж үлдээжээ. Тэр байтугай Мөнх хаан лалынхнаас христосыг өмөөрч байсныг тэмдэглэсэн байна.

Анимизм
Эртний хүмүүс шашинд онцгой ач холбогдол өгдөг байжээ. Шашны ямар нэг зан үйл, тахилга үйлдэх нь цаашид оршин тогтнох, ялангуяа хоол унд олдох үндсэн шалгуур гэж ойлгодог байв. Британы антропологч Тайлорын онолоор ертөнцийг үхсэн хүмүүсийн сүнс захирч байдаг гэж эртний хүмүүс ойлгодог байжээ. Иймээс тэднийг аргадах тайвшруулахын тулд элдэв тахилга үйлдэх болж. Германы хэл шинжээч Мюллэрийнхээр эртний хүмүүс аяндаа өөрт нь нөлөөлж буй далдын хүчнийг муу тэнгэр, сайн тэнгэр гэх мэтээр хувааж эхэлсэн аж. Ингээд сайныг нь хөхиүлэх, мууг нь зайлуулах есөн шидийн ритуал ёслол бодож олсон гэнэ. Энэ нь бурханы тухай анхдагч ойлголт байжээ. Мөн Германы шашин судлаач Оттогийн тайлбарласнаар хүмүүс аяндаа далдын хүчийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй ариун гэгээн гэсэн юмаа шүтэж дээдэлж биширдэг болжээ. Хүн байх утга учир гэсэн ойлголт ингэж буй болсон гэнэ. Орчин үеийн шашинд автаагүй, соёлын доод төвшинд яваа бүдүүлэг овог омгуудад энэ байдал өнөө болтол байсаар байгаа.

Туйлын, Сибирийн, Канад, Аляскийн, эсвэл Бразилийн шугуйн, Африкийн ширэнгэ дахь, Далайн орнууд болон Шинэ Зеланд, Папуа Гвиней, Австралийн бөглүү гээд олон газарт буй овог отгуудад энэ ойлголт болон хэмжээ агуулагдсаар байгааг харж болно.

Анимизм буюу сүнс шүтэх үзэл гэсэн санаатай нэршил бий. Дээрх бөөгийн мухар сүсгийг ингэж нэрлэдэг. Шаманизм нь үүний нэг хэлбэр. Шаман гэдэг нь зайран, удган гэсэн эвенк-тунгус үг бололтой. Ингэхээр шаманизм гэдэг нэршил Сибирь болон түүний ойр орчим дахь хүйтэн газрын бөө мөргөлийг нэрлэдэг. Австрали, Бразил, Африкийн бөөгөөс их ялгаатай нь мэдээж. Үгүй дээ л цаг агаарын онцлог, гарал үүслийн хол, зан заншлын ялгаа гээд байлгүй яахав. Гэхдээ цаад үндсэн агуулга нь бараг л яг ижил. Ер нь дэлхийн эртний бүх үндэстний уугуул шашин нь бөө мөргөл мөн. Ингэхээр хэзээ нэгэн цагт энэтхэгчүүд ч, хятадууд ч, европчууд ч бөө мөргөлтэй л байсан байж таарна.

Монгол бөө
Монголчууд бүр эхнээсээ л бөө мөргөлтэй байсан. Түрэг угсаатны эзэмшил өнөөгийн Монгол нутагт монгол угсаатан Сибирийн тайгаас орж ирсэн байж магадгүй байдаг. Тал гэдэг бол хөвчтэй харьцуулахад соёлын илүү дэвшилд хүрэх бололцоо юм. Өнөөгийн Монгол нутагт үе үеийн турш төр улсаа төвхнүүлж байсан түрэг, монгол, хамниган овгийн улсын тал хээрт олон шашны урсгал орж ирж байжээ. Буддизм анх VII зуунд хачирхалтай нь өнөөгийн Афганистанаас орж иржээ. Мөн үед Персээс гаралтай манахэйн шашин орж ирж нэлээд хүчтэй нөлөө үзүүлж байв. IX зууны үед христосын шашин орж ирлээ.

Тодорхой системтэй, сургаалтай, тайлбартай, моралтай, шалгууртай, үндэстэн дамнасан шинжтэй эдгээр шашнууд нь далдын хүчинд итгэн дулдуйдсан, ердийн мухар сүжиг болсон бүдүүлэг бөө мөргөлд амархан цохилт өгч байв. Гэвч ямар ч сургаалт шашин бүдүүлэг овог отог руу нэвтрэхэд удаан хугацаа шаарддагаас гадна нутгийн уламжлалт аминист шашинтай зөрчилддөг мөртөө бас холилддог. Христосын шашин орж ирэхээс өмнө герман, слав үндэстний шүтдэг байсан бөө мөргөлийн олон элемент өнөө хүртэл европчуудын дунд цөөнгүй бий.
Монгол болон бусад түрэг, хамниган овогтнууд ч сургаалт шашныг авахын зэрэгцээ өөрийн бөө мөргөлтэй ихээхэн “эрлийзжүүлж” байв. Христ санваартан Рүбрүк Монголд ирчихээд загалмайн шашныг хэрхэн дампууруулж танигдахгүй болгож байгааг хараад гасалж байв. Бөө маягийн загалмайтан, бөө маягийн лал мөргөлтөн, бөө маягийн буддист Монголын талаар нэг байв. Чингисийн өмнөхөн Монголын хамгийн том хоёр аймаг Хэрэйд, Найман христос мөргөлтөн байжээ. Энд тэндгүй үргэлж дайн хийдгийн хувьд Төв Ази нь тухайн үедээ дэлхийн геополитикийн том төв байсан, тэр утгаар нь янз бүрийн шашин нааш их зочломтгой байж. Харин хээр талаас хойгуур уул мод руугаа ойр Хамаг Монголд бөө ноёрхож байлаа. Гэвч дэлхийг эзлэн олон соёл иргэншилтэй танилцахын хэрээр өөр шашинд орох буюу талтай болон автаж байлаа. Чингис хаан насны бөгсөнд Бумбын шашинд их автсан байдаг. Түүний бүх бэр христосын шашинтай байсан нь сонин. Ач хүү Гүег христос шүтэгч байсан бололтой. Дөрвөн их хааны эх Соргагтани христ шүтдэг байсан тул бараг ХХ зуун хүртэл олон сүмд Мари дарь эхийн орыг эзэлж байв. Зүч болон Цагаадайн удмынхан лалын шашинтан болсон бол Хубилайн удмынхан күнз, бумба, буддын шашин тийш хэлбийжээ. Хубилай Хятадын Юань династийн хаан болоод хятадын гол гурван шашин күнз, бумба, буддын төдийгүй мөн христос, иудай, лалын шашны баярыг албан ёсоор тэмдэглэдэг байсан байна.

Бөө мөргөлтэй хатуу тэмцсэн шашин бол ХVII зууны үесд Монголд нэвтэрсэн төвдийн буддизм юм. Монголд төвд буддизм, тэр дундаа шарын шашныг анх залсан гэдэг Алтан хан юун түрүүн уул овоо тахих бөөгийн ёсыг цаазлан хорьж өндөр торгууль ноогдуулж байв. Хөгширсөн өвгөнийг ач хүү нь ам руу нь өөх чихэн араас нь ясаар гудруулж алах, уул ус тахихдаа онгон залуу охидыг усанд үйж алдаг зэрэг зэрлэг бүдүүлэг заншил ёслолтой буддизм ширүүн тэмцсэн юм. Ялангуяа шарын шашин төрийн зэрэглэлтэй болсноос хойш эдгээр үйлдлийг чангаар яллах болжээ. Ойрдод бөөгийн эсрэг хүч хэрэглэж бараг ор мөргүй болгож орхисон. “Тийм их шидтэй юм бол өөрийгөө авар” гээд бөө нарыг орон гэртэй нь шатааж байсан тохиол тун элбэг байжээ. Үүний зэрэгцээ ухуулга сэнхрүүлэг хүмүүжлийн ажил ч их явуулж байсан юм.

Шарын шашин тал газраар илүүтэй хурдан тархаж байсан ч уул хөвчид тун удаашралтай байв. Ялангуяа Хөвсгөлийн болон Тагнын нуруу, Алтайн чанад руу хүний хөл хүрэхэд хэцүү газар бөө мөргөл амь бөхтэй оршсоор байлаа. Энгийн үгээр хэлбэл дэд бүтэц байхгүй учраас л тэнд лам нар очиж чаддаггүй байж. Хөвсгөлийн урианхай, дархад нарыг бөөгөөс нь салгахын тулд Богдоос тэднийг шавь болгон зарлаж өөрийн ивээлд хүртэл авсан байдаг. Хөвсгөлийн болон Тагнын нурууны аглаг бөглүү газар ХХ зуун хүртэл бөө үлдсэн нь ийм учиртай. Орос Алтайн (Горный Алтай ч гэдэг) ойрдуудын дунд ч өнөө хэр бөө мөргөл байсаар байна. Сияаны нуруунд тува нар ч бөөгөө авч үлдсэн. Харин Байгал нуур, Хэнтийн нуруу тал руугаа бол бөөг ор мөргүй болтол нь шахаж чаджээ.

Хачирхалтай буцах процесс бас болсон байх юм. Хилийн наана цаана орших халх, буриад монголчуудыг хооронд нь зааглахын тулд оросууд XIX зууны сүүлчээс эвенк, тунгус хүмүүсийг авчирч хилийн харуул козак болгон суурьшуулжээ. Тэднийг халхчууд хамниган буриад гэдэг, харин тэд нэгэнт буриадтай огт хамаагүй болохоор буриадууд зүгээр л хамниган гэдэг. Бүдүүлэг омгийн тэд хоёр монголын дунд суугаад тун амархан монголжижээ. Ногоон нүдээр нь л ялгаж болно гэж ярилцдаг. Тэд Хэнтийн нуруу хавийн буриад, халх монголчуудын дунд мартагдсан бөөгийн мөргөлийг нь авчирсан байна. Үр дүн нь одоо л гарч байгаа юм байлгүй, Хэнтийн хойд сумдаар нэг салбаганасан бөө нар гараад ирж, саяхнаас.

Дэлгэрэнгүйгээр...

Баабар Шашныг өмөөрхүй II


Буддагийн сургаал
Сиддарта Гаутама буюу Шагжиймунын Буддагийн мэндэлсний 2550 жилийн ойг хүн төрөлхтөн саяхан тэмдэглэсэн. Ер нь байгаль хүн төрөлхтөнд нэг хэсэг бөөн бөөнөөр нь аугаа ухаан илгээх мөртөө нэг хэсэг хэдэн мянганаар таг чиг болчихдог. Одоогоос 25 зууны тэртээ аугаа сартваахиуд нэг хэсэгтээ бөөнөөрөө төрж байсан нь Будда, Күнз, Лаоцы, Аристотель, Платон, Сократ, Зараостэр гэх мэт. Мянганаар тооцох түүхийн утгаар эд нэг үеийнхэн.


Буддизм нь өөрөөсөө хавьгүй ахмад шашин хиндуизмын хөрсөн дээр соёолжээ.
Эртний энэтхэгчүүдийн түүхээр боловсорч хөгжсөн шашнаас зан үйл, домог, бэлгэдлээс авахуулаад сэтгэлгээ, гаргалгаа, философи гээд маш олон зүйлийг өвлөн авсан байдаг. Будда үхэх төрөхийн циклийг тайлбарлажээ. Хийсэн үйл болгон дараа нь үр дүнгээ үздэг гэсэн нь түүний философийн гол гаргалгаа юм. Өнөөдөр яг одоо амьдарч байгаа биет нь урьд насны үйлийн үр дүн. Амьдрал бол үхлийн шууд үргэлжлэл. Энэ цикл тасрахгүй. Амьтан болгон зовдог, энэхүү зовлон нь урьд нь хийсэн үйлийн үр дүн юм. Иймээс зовохгүйн тулд зовлонтой нь биш тэрнийг үүсгэсэн шалтгаантай тэмцэх ёстой. Тэр шалтгаан нь нэгэнт урьд өмнө болоод өнгөрсөн учраас цаг хугацааг урагшлуулан очиж засах бололцоогүй. Иймээс гагцхүү хожим зовохгүйн тулд хожмын зовлонгийн шалтгааныг одоо үүсгэж болохгүй. Чухам эндээс Буддын зөв амьдрах сургаал мөрдлөг болон гарч ирж байгаа юм. Энэ бүхнийг монголчууд нэн эртнээс үйлийн үр гэж орчуулах болсон. Гэхдээ одооны хэлээр үйлдэл ба түүний хариу, эсвэл үйлдэл, тэрнээс үүссэн хариуцлага гэж болох юм. Орчин цагийн монгол хэлэнд “үйлээ үзэх” гэвэл ядрах, махрах, махаа идэх гэсэн утгатай; “үйлийн үр” гэхээр гарах гарцгүй, цаанаасаа ингэж заяагдсан гэсэн өөр утга агуулах болжээ. Достоевский үүнийг “Гэмт хэрэг ба ял шийтгэл” гэх маягтай хэлснийг “Гэм, зэм” гэсэн хэлц үгээр ч орчуулна. Гээд энэ нь Буддын сургаалын өрөөсөн тал нь. Гэм хийвэл зэмтэйгээс гадна буян хийвэл шагналтай гэж байж бүтэн болно. Ямар л үйлдэл хийнэ тэрэндээ тохирсон хариу сүүлд нь гарна гэж товч илэрхийлж болох нь. Ингэхээр хүний сайн муу явах зөвхөн өөрөөс хамаарах ажгуу.

Энэ сургаал нийтэд их ойлгомжтой зүйл. Гэтэл Буддын сургаалыг нийтэд ойлгомжгүй болгодог зүйл нь дараагийнх нь. Хэрэв хүн үхэх төрөхийн цикл дотроо л байгаад байвал зовлонгоос нэг мөсөн ангижрахгүй. Харин хүн энэ хорвоогийн эгэл зүйлсээс ангижирч чадвал мөнөөх цикл эргэлтээс гарч дөнгөнө, тэгсэн цагт мөнхийн аз жаргал, амгаланг олох аж. Мөнхийн амгалан олох тэр статусыг Будда нирваан гэж нэрлэжээ. Ийм амгаланг ологч мянгаар тоологддогийн нэг нь Будда өөрөө аж. Бусдаас нь ялгахын тулд түүнийг Шагжийнмунын Будда гэнэ. Түүнийхээр бүтээгч Бурхан гэж үгүй аж, харин нирваан болсноор хэн ч Бурхан болдог ажгуу. Чухам үүгээрээ буддизм нь нэг Бурхант шашин болох лал, христосоос эрс өөр тайлбартай.

Буддаг нас барснаас хойш үе үеийн шавь нар нь сургаалыг нь нэгтгэн Трипитика хэмээх судар гаргажээ. Үүний нэг нь Дармапад. Тэд Нама будаяа, нама дармаяа, нама сангаяа гэсэн товч цогц илэрхийлэл зохиосон нь “гурван эрдэнэ” ч гэгддэг. Энэ нь Буддаг шүтье, Буддагийн сургаалыг шүтье, сургаалыг цааш дэлгэрүүлэгчийг бас шүтье гэсэн санаа. Буддагаас хойш сургаал нь гурван гол урсгалд хуваагдсан нь их хөлгөн, бага хөлгөн, тарнийн хөлгөн юм. Бага хөлгөн буюу хинаяанагийнхан өөрснийгээ ингэж нэрлүүлэх дургүй, “тэрэвада” гэцгээдэг. Тэд Буддаг өөрийг нь илүү эрхэмлэн шүтдэг бол Их хөлгөн буюу махаяанагийнхан олон будда байдаг гэсэн чиглэлээ барьж ирээдүйн будда ирэх (төрөх?) цагт хүн төрөлхтнийг аврана гэж үзнэ. Тарнийн буюу төвдийн буддизмынхэн өөрснийгөө Их хөлгөнд хамааруулдаг авч судлаачид үүнийг үгүйсгэдэг, шал өөр чиглэл болохыг нь төрөл бүрээр баталдаг. Төвдийн буддизм ловон Бадамжунайгаас үүсэн цааш явсан. Хэн ч гэгээрч болно гэсэн Их хөлгөний үзлээс төвд шашин угшилтай боловч цаашдаа салаад явжээ. Их хөлгөн Боддармагаас эхлэн хуушаан буюу чань болон хөгжиж улмаар Япон руу зэнь гэсэн нэрээр төгөлдөршлийг олсон байна. Эд нирваан болох технологийг практик болгон хөгжүүлсэн учраас эндээс үшү, кунфү, каратэ, жижицү гэх мэтийн философи-урлаг-спорт ч үүсчээ.

Төвдийн буддизм
Буддагийн амьдарч байсан уулын архан талд төвдүүд суудаг. Хөрш орон руугаа сургаал нь III зуунд анхлан ирсэн гэх боловч үнэндээ Буддагаас хойш 1200 жилийн дараа л лавтай гүн шингэжээ. Гол учир нь хоёр ард түмний соёлын болон иргэншлийн хэт зөрөөнөөс болсон хэрэг. Уулын мухарт суудаг төвдүүд нь дэндүү хоцрогдонгуй, бүдүүлэг үндэстэн. Хэт өндөр газар ус ч буцалдаггүй учир махаа хүртэл түүхийгээр нь шахам иднэ. Бөөгийн мухар сүжигтэй, тэрийг нь бон гэнэ. Ийм газар орж ирсэн соёлтой, өндөр мэдрэмжийн сургаал бөөгийн мухар сүсэг, бүдүүлэг зан үйлийнх нь гоёл, хавсрага төдий болох нь ойлгомжтой. Гурван эрдэнэ гэсэн ойлголт орж ирүүтээ дөрөв боллоо. Дөрөв дахь нь лам. Лам хүнийг мухраар шүтэж, хамгийгаа тэмтрэн өгч байх энгийн авилга. Бөөгийн шүтдэг олон шүтээн, тухайлбал сармагчин, шулмас зэрэг нь дорхноо бурхны зэрэгт өргөмжлөгдөв. Бөөгийн зан үйл домог Буддын гайхамшигт сургаалтай холилдон тэр гэхийн тэмдэггүй боллоо. Лам нэрээр хүмүүсийг хуурч авилгаар амьдардаг бүхэл бүтэн паразит давхарга үүслээ. Тэд гол нь тарнийг шүтэх ба элдэв уншлага, хараал, авралын тарни бодож олсон нь учир тоймгүй.

Мянгаад оны үед Адиша хэмээх их эрдэмтэн Төвдөд ирснээр үндсэн эргэлт хийсэн. Адишагийн сургаалыг орчин үеийн хүмүүст ойлгомжтойгоор тайлбарласан Ошо багшийн тайлбар гэж бий. “Билгүүн ухааны шастир” нэртэй энэ ном П.Бадралын орчуулгаар саяхан хэвлэгдэн гарсан. Энд чухам Буддагийн яриад байсан үйлийн үр хэмээх бүхэнд ойлгомжтой сургаал, нирвааны тухай ойлгомжгүй сургаалыг ялгаж өгсөн юм. Үйл болгон ардаа хариутай, иймээс зөв амьдрах нь зовлонгоос хол байх үндсэн арга. Хүн шуналаасаа болж буруу үйл хийдэг, буруу үйлийн хариу зовлонг авчирна. Маш ойлгомжтой товчхон философи. Энд чухам хүний амьдралын этик, мораль, амьдралын ухаан оршмой. Тарни гэдэг бол мунхруулга, ерөөсөө ч буддизм ямар ч ид шидийн тухай сургаагүй гэдгийг Адиша төвдүүдэд хэлж өгсөн юм.

Хүн зовлонгоос мөнхөд ангижран нирваан болъё гэвэл энэ хорвоогийн явдлаас бүрэн салах ёстой. Сиддарта шиг эхлээд эхнэр, нялх хүүхэд, хөгшин эх эцгээсээ холдон бүрэн умартана. Хорвоогийн бүхий л үйл явдлыг өөрт огт хамаагүй мэтээр тэс хөндлөнгөөс харж үл оролцоно. Энэ сургаал ойлгоход хэцүүгээс гадна үнэмшихэд ч бэрх, цаанаа ямар нэг ид шид агуулж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эгэл хүний хувьд мөнхийн амгаланд очино гээд хорвоог огоорч байх ямар ч шаардлага үгүй. Харин ингэхээр зорьж буй хүмүүсийг лам гэнэ. Эгэл хүнд энэ нь ид шид мэт харагдана. Ид шидтэнгээс хүмүүс тусламж гуйна. Хариуд нь өргөл барьц өгнө. Хөдөлмөр хийлгүйгээр тун амархан тэжээлгэчих арга ингээд гараад ирж байна. Өөр бусад нь ч энэ сайхан амар арга руу тэмүүлнэ. Ингээд лам нарын бүхэл бүтэн арми үүсэж таараа. Ингэхээр дотор нь өрсөлдөөн үүснэ. Мөн илүү ид шид бодож олно, эгэл иргэдийг улам илүүгээр мунхруулах арга санаачлана, өргөл барьцаа булаацалдан хоорондоо муудалцана. Адишаа төвдүүдийн буддист ойлголтыг цэгцэлсэн боловч түүнээс хойш мөн л дампуурч нийгмийн хамгийн бузар сав болж. Мэдээж Адишаагийн буянгаар Төвдөд мөнөөх зөвхөн дээд эгнээнийхэн ойлгох ертөнцийг огоорч байж мөнхийн амгаланг олох сургаал ихэд хөгжин маш том ололтод хүрснийг үгүйсгэх аргагүй.

1400 орчим онд Төвдөд Зонхов хэмээх нэгэн эр шашны энэ дампуурлын эсрэг тэмцжээ. Тэрээр өөрийн школыг төрүүлснийг шарын шашин гэнэ. Тэдний сургуулийнхан авилгач лам нараас ялгагдахын тулд тусгай формтой болж шар малгай духтуулах болсноос ийм нэр гарчээ. Нэгэнт л нирваан болж ертөнцийн хар бор амьдралаас тасрах гэж байгаа болохоор эхнэр авахыг хориглолоо. Сексийг бол хорьсон юм байхгүй. Харин ч сексээр дамжин нирвааны зарим хувилбарыг ойлгох технологи байдаг гэнэ. Зонхов нирваанд хүрэх гэж буй эдгээр лам нарыг сахилгажуулснаас гадна эгэл хүмүүсийн ойлгох ёстой зүйлийг бас тусгаарлаж өгчээ. Түүний бичсэн “Бодь мөрийн зэрэг” зохиол нь гурван ботиос бүрдэнэ. Эхнийх нь эхлэн гэгээрэгч буюу эгэл хүмүүст зориулж Буддын сургаалыг тайлбарлажээ. Энэ бол Буддын сургаалын дагуу хүмүүс зөв амьдрах тухай л номлол. Тэрээр Буддагаас гадна түүнээс хойш төрсөн архад - Нагаржуна, Адишаа, Шантив, Асанга зэрэг олон сартваахийн тайлбарыг харьцуулан өгүүлсэн юм. Улмаар гэгээрэгч, төгс гэгээрэгч нарт зориулсан дараагийн хоёр боть нь бурхны шавь гэгдэх мөнөөх нирваанд очихыг санаархагч хүсэгч тэмүүлэгч нарт зориулжээ. Энэ нь ерөнхийдөө мэргэжлийн сурах бичиг юм даа. Ингээд Буддагийн гэгээрэлд хүрэх арга зөвхөн лам нарт төдийгүй энгийн ардад ч бололцоотой болохыг Зонхов зааж, бичиг үсэггүй ардад лам нар тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй болохыг хэлсэн юм. Үүнийг хөтлөх гэнэ. Өөрөөр хэлбэл Бодь мөрийн зэрэг номын эхний ботийг лам хүн эгэл хүмүүст уншиж өгөн тайлбарлах, дараагийн хоёр ботийг өөрөө уншиж гэгээрэх ерөнхий журам эндээс гараад ирж байна.

Монголд буддизм ирсэн нь
Төвдийн буддизм Монголд нэвтэрсэн нь улс төрийн шалтгаантай. Юань мөхөж нутагтаа хөөгдөж ирсэн монголчууд олон арван ханлигуудад хуваагдаж биендээ захирагдахаа болин хоорондоо тэмцэлдэх болжээ. Тэгэхээр тэднийг нэгтгэх үзэл суртал хэрэгтэй болсон. Нөгөө талаас Төвдөд шашны олон урсгал хоорондоо тэмцэлдэн хэн нь ч цоройж чадахгүй учир Монгол мэтийн хүчирхэг улсаас цэргийн тусламж авч ноёлох сонирхол бүгдэд нь байв. Хоёр тал ийм улс төрийн сонирхлын шалтгаанаар уулзалджээ. Монголчуудаас тусламж авах гэж Төвдөд улааны болон шарын шашин хоорондоо өрсөлдөж байсан бол Монголын ханлигууд биентэйгээ өрсөлдөн алиныг нь ч хамаагүй урин залж байв. Алтан хан анх шарын шашин залахдаа “Ойрдуудыг өшлөн дарахад хэрэг болно” гэж байсан бол ойрдын Хархул хариу цохиход хэрэг болж магадгүй хэмээн уралдан заллаа. Халхын Авдай сайн хан Төвдөөс сажапагийн урсгалынхныг урьсан бол цахарын Лигдэн улааны шашныг хамгаалагч болж байжээ. Олон хуваагдсан монголчууд Төвдийн олон хуваагдсан шашныг хэсэглэн өмөөрч хоорондоо байлдаж байв. “Цогт тайж” кинонд гардаг үйл явдал үнэн түүх. Хүний шашин өмөөрөх гэж Туулын усаа амсаад хэдэн мянган км хол явж хүний нутагт хоорондоо байлддаг, бас л шог байгаа биз? Дараа нь яахав дээ, халх, ойрд, цахар, барга, буриадад бүгдэнд нь шарын урсгал нэвтэрсэн, Төвдөдөө шарынхан төрийн эрх барьж, тэдний Далай лам хэмээх монгол цолтой лам толгойлогч нь болсон. Тухайн үед хүчирхэгжиж байсан манжууд төдийгүй хятадын Мин, дараа нь Чин улсын эзэд Монголд шарын шашин дэлгэрч байгаад ихэд баясан хөхиүлсэн байдаг. Энэ бол улс төрийн тал нь!

Монгол маягийн буддизм
Буддын шашины хамгийн гоц дампуурсан хэлбэр Монголд тогтсон. Төвдийн бөөгийн “гарт хүмүүжиж” хэлбэрээ алдсан сургаал Монголын талд ирж дутахгүй бүдүүлэг бөөгийн “гараар орон” нүднээс гарав. Үхэл амьдрал дамнасан мөнхийн циклийн тухай сургаал тун ч хялбарчлагдаж үхэх мөрөөрөө үхэхгүй эргэж төрөөд буг болохтой шахдаг үзэгдэл хавтгайрав. Эхлээд Төвд Энэтхэгт томчуул нь эргэж төрдөг, тэрийг нь хайж олоод тодруулдаг байсан бол сүүлдээ нийтлэг үзэгдэл болж Монголын жалгын сүмийн хамба эргэж хувилаад салахаа болив. Хувилгаадын тоо замбараагаа алдаж, энэ нь нэг төрлийн аятайхан бизнес болсон тул төрөөс оролцон тоог нь хязгаарлажээ. Буддын сургаалыг бичиг номтой болсны хувьд бусдад тайлбарлаж өгч байх үүрэгтэй лам нар маань харь тангад хэлээр нь ном уншин түүндээ ид шид оруулж өвчин зовлонгоос салгадаг болжээ. Өөрөөр хэлбэл хувь хүн үнэнийг өөрөө хайх тухай сургаал гадаад хэлээр ид шид агуулсан тарни болон ойлгогдож буй нь энэ! Мэдээж өөрөө ч ойлгосон юм байхгүйгээр ном уншсан нэр зүүгээд шан харамж авна, тэр нь амьдралыг нь залгуулна. Ийм бэлэн хоол руу бүгд зүтгэх нь мэдээж. Ядуу айл хүүхдээ хоолтой залгуулах гэж лам болгодог бол, баян айл татвараас зугтаах гэж ийш тэмүүлнэ. Ингэсээр 700 мянган хүн амтай нийгмийн 100 мянга нь лам болжээ.

Буддагийн сургаал бол үнэний эрэл. Түүнийхээр хүн өөрийнхөө үнэнийг өөрөө олох ёстой. Хорвоогийн мөнхийн эргэлтээс сулран гарч чадсан цөөн нэг нь абсолют үнэнийг олох бололцоотой. Өөрөөр хэлбэл буддизм нь хамгийн догма үгүй шашин. Монголын буддизм магадгүй дэлхийн хамгийн догма шашин болжээ. Үзмэрч, төлөгч, тарнич, зурхайч, номхруулагч, хараалч, мууг зайлуулагч, тольдогч гээд цаад утгаараа буддын сургаалтай харш, мөн чанараараа буддизмд байж болошгүй үзэгдэл монгол буддизмын амин сүнс, утга чанар нь болсон. Мухар сүсгийн хүрсэн зэрэглэл нь бөөтэй өрсөлдөхүйц болж авав. Буддагийн сургасан болгон энд ид шид, далдын хүч, парапсихологи, экстрасеанс болон хувирсан. Лам нар болгон зөвхөн ном уншиж хүн айлгадаг төдийгүй, ирээдүйг нь тольддог, нүгэлийг цайруулдаг, од гаригийн хөдөлгөөнөөр хувь заяаг нь тодорхойлдог, өдөр тутамд хүний юу хийх болон эс хийхийг нь зааварладаг универсал шидтэнгүүд. Энэ нь хоцрогдсон нийгмийн сэтгэхүй болон моралийг бүр эвдсэн юм. Ямар ч нүгэл хийсэн тэрнийгээ эд мөнгө өгөн хахуулдах замаар цайруулж болно гэсэн нийгмийн ойлголт буй болгожээ. Ингэхээр сүм хийд гэдэг нь үнэн чанартаа Бурхантай наймаа хийдэг хар захархуу юм болон хувирч буй хэрэг.

Шашины энэхүү балайрал дампууралтай үе үеийн монгол сэхээтнүүд, ялангуяа томоохон лам нар их тэмцэж байсан юм. Тогтох ван, Агваанхайдав, Агваанбалдан, Ишданзанваанжил, цахар Лувсанчүлтэм, Данзанравжаа, Сандаг гээд олон бий. Энэ нь нийгмээ мухардалд оруулаад зогсохгүй сүйрэлд хүргэнэ гэж тэд анхааруулж байлаа. 1937-38 оны их аллага гол нь сүм хийдийг чиглэсэн. Коммунизм гэх шинэ атейст шашин, түүний фанат дагагч улаантнууд лам нарыг хэдэн арван мянгаар нь хөнөөж бүх сүм хийдийг галдан шатааж эвдэн сүйтгэж нураалаа. Ухаалаг том лам нар хэлж байв: Ингэх цаг нь болсон, хэтэрхий буруу явсан болохоор энэ чарлаб нарын гараар шийтгэл ирж байгаа нь энэ! Үйлийн үр! Орчин цагийн хэлээр хөрвүүлэх юм бол: ямар л үйлдэл хийсэн байна тийм л хариу гарна. Будда үнэн хэлжээ.

Үргэлжлэл бий

Дэлгэрэнгүйгээр...

Тоолж байна